Би ээж-Би ингэж ажлаа амжуулдаг

Би ээж-Би ингэж ажлаа амжуулдаг

  • 2021-11-11 00:01

Өдөржингөө маамаатайгаа байхаар өөр юу ч хийж амжихгүй байгаа юм шиг санагддаг уу? Надад итгэ, ээж болгонд л тэгж санагддаг. Хүүхдээ харах хугацаанд хүүхдэдээ бүх анхаарлаа хандуулж, боломж гарвал амрах нь чухал ч, хүссэн зүйлээ хийхдээ цаг хугацаа алдахыг хүсэхгүй байвал “яаж ийгээд” амжуулдаг дараах аргуудыг бодолцоорой.

1. Унтлагын цагийг тултал нь ашигла

Би охиноо нялх байхад өдрийн унтлагын цагуудыг нь алдахгүйн тулд унтах цагийнх нь яг өмнөхөн өөрийнхөө ажиллахад шаардлагатай бүх зүйлийг бэлдэж тавьдаг байсан. Компьютерээ асаагаад, документ эсвэл файлаа нээгээд, дэргэдээ цай аягалж тавьж бэлдсэнийхээ дараа мөөмөө хөхүүлж эхэлнэ. Тэгээд унтмагц нь шууд ажилдаа орно. Энэ аргыг сайн хэрэгжүүлэхэд унтах цагийг тогтмолжуулах нь чухал. Тэгвэл яг хэдэн цагт zoom-call-д оролцохоо товлож чадна шүү дээ.

2. Хүүхдээсээ өмнө сэр

Шөнө унтахад нь эрт ч хамаагүй цуг унтаад, өглөө хүүхдээ сэрэхээс 1-2 цагийн өмнө сэрээд өөртөө болон ажилдаа цаг гаргавал зүгээр. Тэгж чадахгүй байвал орой эрт унтуулаад, шөнө хүртэл суух арга бас бий. Гэхдээ тэгэхээр ээжийн нойр солигдож, ядаргаанд орох сул талтай. Болж өгвөл өглөө хүүхдээсээ өмнө сэрэх сонголтыг хийгээрэй.

3. Өөр хүнд харуулах боломжийг бүү алд

“Амжилттай ээж бүрийн цаана халамжтай хүүхэд асрагч байдаг” гэдэг хэлц бий. Миний хувьд тэр хүн нь манай ээж байсан. Долоо хоногийн амралтын 1-2 өдөрт охиныг маань харж өгдөг байсан учраас тэр өдрүүдэд хамгийн их анхаарал төвлөрөл шаардсан, том ажлуудаа төлөвлөж, хийж амжуулдаг байсан. Хэрвээ танд тийм хамтрагч байхгүй бол хүүхэд асрагч хөлслөхөөс бүү цааргалаарай. Хүүхдээ харангаа ажиллах гэж байгаа үед гадны тусламж заавал хэрэгтэй. Мөн өөр нэг гэрээсээ ажилладаг найзтайгаа долоо хоногийн нэг, нэг өдөр сөөлжилж, хүүхдүүдээ харалцаж болно. Нэг нь хоёулангийнх нь хүүхдүүдийг харж байхад, нөгөө нь ажлаа амжуулна гэсэн үг. Тэгвэл хүүхдэд ч play-date шиг сонирхолтой.

4. Заавал төлөвлө

Дээрх бүх зөвлөгөөг хэрэгжүүлэхийн тулд ажлаа төлөвлөх нь маш чухал. Ажиллах боломж “өдрийн од” шиг ховор олддог тул олдсон үед нь юу хийхээ, яаж хийхээ тодорхой мэдэж байхад тань төлөвлөгөө тусална. Учир нь бидэнд юу хийхээ шийдвэрлэх, ажлын “mood”-ээ орохыг хүлээж “тансаглах” цаг байхгүй. Долоо хоногоор нь эсвэл өдөр өдрөөр нь гээд яаж ч төлөвлөж болно. Хэзээ, юу хийх ёстойгоо мэдэж байвал ажиллах цаг гарахад шууд ханцуй шамлан ороход бэлэн байдаг.

5. "Чимээгүй цаг"

“Quiet time”-тай болоорой. Хүүхэд өдөр унтахаа больсон үед, бас ээжийнхээ хүсэлтийг ойлгодог болсон үед өдрийн унтлагын цагийг нь quiet time буюу чимээгүй тоглох цаг болгоорой. Хүүхэд / хүүхдүүд ном унших, puzzle, lego тоглох гэх мэтээр ээждээ саад бололгүй ганцаараа цагийг өнгөрүүлдэг тогтсон дэглэмтэй болвол зүгээр. 15 минутаар эхлүүлээд аажмаар хугацааг нь уртасгаж болно. Хүүхдээ хооллосон, хамтдаа тоглож, хичээллэж цагийг өнгөрүүлснийхээ дараа хэсэгтээ хэн хэнийгээ тайван орхих “quiet time” оруулаарай.

6. Гэрийн ажилд аль болох бага цаг зарцуул

Ингэхийн тулд аяга таваг угаагч, робот тоос сорогч авахаас тээнэгэлзэх хэрэггүй. Сардаа нэг удаа гэр сайн цэвэрлэх үйлчилгээ хөлсөлсөн ч болно. Индүүдэх шаардлагагүй материалтай хувцаснууд авбал зүгээр. Хэрчиж хөлдөөсөн ногоо, чанартай хагас боловсруулсан бүтээгдэхүүнүүд авч хэрэглэж байж болно. Өдөрт заавал хоёр удаа хоол хийх хэрэггүй, өдрийн хоолоо ахиухан хийгээд орой нь гэр бүлээрээ эрүүлээр, хөнгөхөн хооллож болно. Долоо хоногийн хоолны төлөвлөгөөгөө гаргаад, нэг л удаа бөөнд нь хүнсээ цуглуулчих. Гэрийн ажлаас өөрийгөө чөлөөлөх боломж бүрийг ашиглаарай. Бүхнийг амжуулъя гэдэг хүн юуг ч амжуулдаггүй.

7. Өдөрт хийдэг зүйлсээ нэг бүрчлэн ажиглаарай

Аль хэсгийг таниас өөр хүн ч хийж чадах вэ? Аль хэсэгт та хэтэрхий их цаг зарцуулдаг вэ? Аль алхмыг автоматжуулж эсвэл алгасаж болох вэ? Таны хүсэл мөрөөдөлдөө зарцуулах цагаас хумсалж байгаа зүйлсийг оноож, тэдгээрийг өөр хүнд даалгаж хуваарилах, outsourсing-оор шийдэх, автомат машинд даатгах зэргээр өөрөөсөө холдуул. Таны хувьд гэр бүлдээ болон ажилдаа зарцуулах “чанартай цаг” л хамгийн чухал.

8. Дэвтрээ бүү хураа

Төлөвлөсөн ч түүнийхээ дагуу ажиллаж чадахгүй байна гэж хүмүүс хэлдэг. Өгч чадах ганцхан практик зөвлөгөө бол: ДЭВТРЭЭ ШИРЭЭН ДЭЭРЭЭ ДЭЛГЭЭТЭЙ БАЙЛГААРАЙ. Яг тухайн өдрийн төлөвлөгөөгөө нээгээд хажуудаа байлга. Бүү хаа, бүү ширээндээ далд хийгээрэй. Ер нь л үргэлж өөртөө ойр, нүднээ ил байлгаарай. Хувийн туслах шиг.

Өөрчлөгдөх зүйлс мэдээж гарна, тийм үед дэвтэр дэлгээтэй байвал амжуулж чадаагүй ажлыг аль өдөр лүү хойшлуулах, яаж “хөөж барьж авах”-аа хүн төлөвлөж чадна.

Бүх ээжид амжилт хүсье!

 

 

2026 © Онлайн худалдааг хөгжүүлэгч zochillogog
платформ.