ГЭРТЭЭ ХҮҮХДЭЭ ХАРАХ ХУГАЦААНДАА ХЭРХЭН БИЗНЕС ЭХЛҮҮЛЭХ ВЭ? (Part 2)

ГЭРТЭЭ ХҮҮХДЭЭ ХАРАХ ХУГАЦААНДАА ХЭРХЭН БИЗНЕС ЭХЛҮҮЛЭХ ВЭ? (Part 2)

  • 2021-11-10 23:34

Өнгөрсөн Бямба гаригт миний ойрын хүрээллийн жижиг бизнес эрхлэгч ээжүүд уулзалдаж Goolingoo&Wine подкастын “Баараг л 0-ээс эхэлсэн бизнесүүд” дугаарт оролцсон юм. Тэнд бизнесийн аялалаа эхлүүлээд 2-8 жилийн нүүрийг үзэж байгаа 5 залуухан бүсгүй өнөөдрийг хүртэлх амжилтаас гадна алдаа оноогоо ч ний нуугүй хуваалцсан.

“Дөнгөж бизнесээ эхлэхээр зориглож байгаа бүсгүйчүүддээ өөрийн зүгээс юу гэж зөвлөхийг хүсдэг вэ?” гэсэн асуултын хариултуудыг хүргэе.

1. Алдаа гэж байдаггүй (Хишигмаа, Nandin Clothing)

Зүгээр л эхлэх хэрэгтэй. Ердөө олон юм бодох хэрэггүй. Ямар нэг санаа чиний толгойноос гарахгүй, чамайг ээрч байвал тэр чиний амьдралдаа заавал хийх ёстой зүйлсийн нэг мөн. Насан туршдаа түүнийг хийх албагүй шүү дээ. Тиймээс зүгээр л эхлэ. Алдаа гэж байдаггүй, сургамж л гэж байдаг.

2. Хэт хурдан томрох гэж яаралгүй, органик өсөлтийг чухалчил (Аззаяа, Tinabel Stationery)

Старт Апууд гялс томрох ёстой гэсэн ухуулганд авталгүй, өөрийн хурдаар урагшлаарай. Бизнес эхлүүлмэгцээ л шууд оффис түрээслээд, хэд хэдэн ажилтан авч цалинжуулаад, хөрөнгө оруулалт аваад л явах ёстой юм шиг сурталчлах нь бий. Үүнээс болоод дөнгөж эхэлж байгаа бизнесүүд их хэмжээний өрөнд орох, төд удалгүй шантрах тохиолдлууд зөндөө. Гэтэл цаг үе өөрчлөгдөж, бизнесийн уламжлалт модел, загварууд эвдэгдэж байгаа учраас заавал тогтсон замналын дагуу явалгүй, цомхон бүтцээр өргөн цар хүрээг хамрах тал дээр анхаараарай. Хэсэг хугацааны дараа, цаг нь болохоор угаасаа бизнес чинь бүх шаардлагатай өсөлтөө өөрөө нэхэн шаардаад эхлэх болно.

3. Анхны загвараа цаасаар ч хамаагүй хийгээд үз (Уянга, ҮР МИНЬ)

Бодож байгаа санааныхаа анхны загварыг цаасаар ч хамаагүй хийлгээд, гартаа бариад үзээрэй. Үүнд нэг их зардал орохгүй. Толгойд чинь байгаа зүйл биет болохыг харах тэр мөчөөс л бизнесээ шууд эхлүүлж, цааш явах урам зориг чинь бүр их төрөх болно.

4. Санхүүгийн сахилга баттай байж, бизнесээ өргөжүүлэх мөнгөө хураагаарай (Даваанаа, Cartoon kids)

Сар бүрийн ашгаасаа бизнесээ өргөжүүлэх, үргэжлүүлэх хуримтлалын санг үүсгэж яваарай. Мөн анхны борлуулалтаа өөрийн хүрээллээс эхлүүлээрэй, тэд чамайг чин сэтгэлээсээ дэмжих учраас бизнес эхэлж байгаа хүмүүст нэн шаардлагатай урмаар тэтгэх болно.

5. Мөнгөөр шийдэгддэггүй хэсгээсээ эхлэ (Энхжин, Shopaholic.guide)

Бизнес эхлэхэд бага ч болов мөнгө шаардлагатай юу гэвэл тийм. Гэхдээ мөнгөнөөс хамааралгүйгээр таны хийж чадах зүйлс тэрнээс ч их хувийг эзэлж байгаа. Тиймээс заавал санхүүгээр өөрийгөө хязгаарлалгүйгээр, бизнесийнхээ мөнгөний шаардлагагүй хэсгүүдээс эхлээрэй. Төлөвлөгөө, судалгаа, анхны туршилтууд, сошиал медиагаа хөтөлж эхлэх гээд юу ч байж болно шүү дээ.

Энэ бол хаа нэгтээгээс орчуулсан, хүнээс сонссон, номноос уншсан биш, бүгд өөрсдийн туршлагаас хуваалцсан бодит зөвлөгөөнүүд учраас яг одоо бизнес эхлүүлэх гэж байгаа танд хамгийн ойр, наалдацтай байгаа гэж найдаж байна.


Goolingoo&Wine подкастыг бүтнээр нь сонсохыг хүсвэл:

M+: https://mplus.mn/.../baarag-l-0-ees-ekhelsen-biznesiyn...

Soundcloud: https://soundcloud.com/.../baarag-l-0-ees-ekhelsen...

Youtube: https://youtu.be/LtSH3G1bROk

Part 1: https://www.facebook.com/129647314330470/posts/596784610950069/?d=n

2026 © Онлайн худалдааг хөгжүүлэгч zochillogog
платформ.