
Жил бүрийн эхэнд бид урам зоригтойгоор, маш сонсголонтой зорилгуудыг өмнөө тавьдаг. Гэвч зорилгодоо хүрэх сэтгэл маань дурласан сэтгэл шиг тэгсгээд хурдан унтардаг нь харамсалтай. “Тууштай байх юмсан”, “Яагаад би нэг юмаа тууштай хийж чаддаггүй юм бол оо?”
Зорьсон зорилгоо биелүүлэхэд шаардлагатай олон орц бий. Өөдрөг байх, зоригтой байх, эрч хүчтэй байх зэрэг орцуудын талаар хангалттай ярьдаг ч даруухан хэрнээ хамгийн чухал, үндсэн, гол орц болох “тууштай байдал”-ын талаар тийм ч их дурдагддаггүй. Бүх хүнд л санаа зорилго, урам зориг байдаг. Гэтэл тууштай л байж чадахгүй бол хамгийн шилдэг зорилго ч хоосон зүйл юм.
Тууштай байх талаар үнэн бодитой, цөөн #tinabeltip –үүдийг хүргэе.
1. Үр дүнд биш процесст төвлөр
Ихэнх хүний тууштай байж чаддаггүй тэргүүн шалтгаан нь процесст биш, үр дүнд төвлөрсөнд байдаг. Очих газар чухал ч түүнд хүргэх аян зам дутуугүй чухал билээ. Үүнийг хийгээд байвал нэг л өдөр тийм болно доо гэсэн фантазтай бодол бидэнд түлхэц болдог нь үнэн ч, хийгээд л байхад өнөөх үр дүн хол хэвээрээ л харагддаг учир төд удалгүй шантрах шалтгаан болдог. Үүний оронд, зүгээр л хийсээр байх, юу ч хүсэн хүлээлгүйгээр үргэлжлүүлэн хийсээр байвал нэг л мэдэхэд хүссэн үр дүндээ ойрхон очсон байх болно.
2. Бодит төлөвлөгөө
“Planning nurtures persistence” буюу “Төлөвлөгөө тууштай байдлыг тэжээдэг” гэдэг үг манай EP-ийн урд бий. Зорилгоо сайн жижиглэн задалж, өдөр бүр, долоо хоног бүрийнхээ төлөвлөгөөнд огноотой нь цуг тусгаж өгснөөр хойшлуулалгүй, зүгээр л хийх, юу ч болж байсан ямартай ч хийгээд л байх сэдлийг өөртөө өгнө. Үүнд нь EP дэвтэр нь тус болно. Биччихсэн байхад хийж л таараа.
3. F.O.C.U.S
Роберт Киосакигийн Follow One Course Until Success гэдэг томьёо бий. Олон зүйлийг зэрэг хийж байхдаа бид өөрсдийгөө тэрхэн мөчид мундаг байгаагаар мэдэрдэг ч, дараа нь алийг нь ч сайн үр дүнтэй хийгээгүй гэдгээ мэдрэх үедээ мунхаг байснаа ойлгодог. Өдөр бүрийн ажлаа хийхдээ FOCUS буюу ганц зүйлийг амжилттай дуусгатлаа дараагийн ажилдаа орохгүй байж чадвал томоохон зорилгууд дээр ч сайн төвлөрч чадна. Өөрөөр хэлбэл, өдөр бүрийн ажлууд дээр төвлөрөх дадал суулгаж чадвал, урт хугацааны зорилгод ч төвлөрч чадна гэсэн үг. Үүний ижил, жижигхэн зүйл дээр тууштай байгаад үзчихвэл том зүйл дээр ч тууштай байж чадна.
4. Хиймээргүй байсан ч хийх
Бидний нэг түгээмэл муу зан бол хиймээр санагдсан үедээ л хийдэг зан юм. Mood төрөхгүй байсан ч, ядарч байсан ч, хэцүү байсан ч, боломжгүй байсан ч хийх ёстой зүйлээ хийх нь тууштай байдалд шаардлагатай сахилга бат, хариуцлага билээ.
Урам зориггүй байсан ч фитнесстээ яв. Эрүүл мэнддээ тууштай бай.
Урам зориггүй байсан ч ханийгаа үнс. Гэрлэлтэндээ тууштай бай.
Урам зориггүй байсан ч ажлаа хий. Амжилтандаа тууштай бай.
Уруулаа өргөхөд инээмсэглэмээр зүйл санаанд ордог шиг, хийгээд эхэлвэл урам зориг өөрөө төрөх болно. Дуртай ажлаа хийхийн тулд дургүй ажлуудаа ч гэсэн хийх л хэрэгтэй болдог.
5. Өөрийгөө уучлаад ахиад эхлэ
Эхний оролдлого дээрээ шантарсан ч “Би ёстой тууштай байж чаддаггүй” гэж өөрийгөө буруутгахаа болиод “За за, түр тасалдчихлаа. Маргааш ахиад эхэлчихье” гээд эхэлдэг байгаарай. Дундуур нь шантарсан ч ахиад л эхлээд байх нь тууштай байх зарчмын нэг мөнөөсөө мөн.
Төлөвлөгөө гарга. Аян замаасаа таашаал ав. Нэг дор нэг л зорилгодоо төвлөр. Хиймээргүй байсан ч хийгээд л бай. Дундуур нь тасалдсан ч ахиад л эхлэ.
Таны “тууштай байх” өөрчлөлтөнд амжилт хүсье!