Хараад л ялгах нь: Өнгөний кодчлол

Хараад л ялгах нь: Өнгөний кодчлол

  • 2022-03-22 05:03

Оюутан, сурагч байхдаа та лекцийн тэмдэглэл хийхдээ өнгө өнгийн тодруулагч ашигладаг байсан уу? Лекц, семинар хоёрыг өөр өөр өнгөөр, томьёо онол хоёрыг өөр өөр өнгөөр гэх мэт ялгаад хөтөлсөн тэмдэглэлээ эргээд харахад цэгцтэй, ойлгомжтой, мэдлэгийг тархиндаа шууд хүлээж авахад бэлэн харагддаг байсан шүү дээ. Төлөвлөгөө хийхдээ ч бас өнгөний кодчлол ашиглаад үзээрэй. 

Нэг өнгийн балаар эрээлжлүүлэн бичсэн ажлуудыг харахаар танд аль нь чухал, аль нь илүү анхаарал хандуулахуйц, аль нь том аль нь жижиг ажил гэдгийг ялгаж танихад хэцүү байж мэднэ. Ялангуяа хувийн, хувьсгалын ажлууд холилдоод бичигдчихээр бүр ярвигтай болдог. Өнгөний кодчлол ашигласнаар хараад л хаана, хэзээ юу байгааг тархиндаа хялбархан боловсруулах боломжтой. 

Өнөөдрийг хүртэл 5 хоногийн хичээлээр бид ажлаа чухлын эрэмбээр, гүн гүехнээр нь, одоо хийх дараа хийхээр нь зэрэг олон янзаар ангилж, төлөвлөгөөгөө зөв зохиох талаар хичээлүүд үзсэн. Хичээлийнхээ дагуу ангилсан ажлуудаа өдөр тутамдаа холиод биччихээр ялгасан хөдөлмөр нь мэдрэгдэхгүй байвал өнгийн үзэг эсвэл тодруулагчууд ашиглаад кодлоорой. 

Өнгөний кодчлол гаргах зарим санаанууд:

• Ажлын, хувийн task-уудыг хоёр өөр өнгөөр кодолж болно.

• Ажиллаж буй төсөл, ажлын төрлүүдийг тус бүрчлэн өөр өнгөөр кодолж болно. Жишээ нь миний хувьд EP-тэй холбоотой ажил, сошиал медиа ажил, захиалга хүргэлттэй холбоотой ажил, дизайн шинэ бүтээгдэхүүний ажил гэх мэтээр өөр өөр өнгө оноож болох нь.

• Тухайн ажилд зарцуулах хугацаагаар ялгаж кодолж болно. Жишээ нь, 15 минутын ажлыг шараар, 2 цаг зарцуулах ажлыг ногооноор, яаралтайг улаанаар гэх мэт. Гүн үйлийг нэг өнгөөр, гүехэн үйлийг өөр өнгөөр г.м

• Олон хүүхэдтэй ээжүүдэд хүүхэд тус бүртэй холбоотой task-ыг өөр өнгөөр кодолж болно. 

• Ажлаас гадуурх сонирхлын клуб, холбооны ажлаа өөр өнгөөр кодолж болно

• Таны хамгийн их анхаарал хандуулах ёстой ТОМ ажлыг ганцааранг нь сондгойруулж тод өнгөөр кодолж болно. 

Хэдэн өнгө ашиглах нь зохимжтой вэ?

Дээд тал нь 4 өнгө ашиглахыг зөвлөж байна. Хэтэрхий олон өнгө таны толгойг эргүүлэх магадлалтай. Өнгөөр кодлох нь ажлуудыг “багцлах”(cluster)-д ч тустай. Бүх хийх ёстой ажлаа жагсааж бичээд, цагт хуваарилахаасаа өмнө өнгөөр кодлочихвол нэг өнгөд харьяалагдах ажлуудыг нэг дор хийж, үлдсэн цагаа гүн үйлд зориулах гэх маягаар өдрийн туршид тарж байрладаг жижиг ажлуудаас цагаа эргүүлэн олж авах боломжтой.

2026 © Онлайн худалдааг хөгжүүлэгч zochillogog
платформ.