#5 Таны ажлын супер хүч: Гүн Үйл

#5 Таны ажлын супер хүч: Гүн Үйл

  • 2022-03-21 03:50

Төлөвлөж сурвал тэр таны олноос ялгарах онцгой ур чадвар болно гэж эхний хичээлд дурдсан даа? Тэгвэл гүн үйлд суралцвал тэр нь таны олноос “тасрах” бүр супер хүч болно. Сатааралд донтсон нийгэмд төвлөрч сурна гэдэг хүн амын багахан хувьд л байдаг супер хүчийг эзэмшихтэй адил. Deep work номын зохиогч Кэл Ньюпортын 2016 онд дэвшүүлсэн энэ санаа сатааралд донтсон нийгэмд ус агаар мэт хэрэгтэй байсан юм. Өглөө нь болсон үйл явдал өдөр нь мартагддаг, хэт хурдтай энэ дэлхийд бид бүгд л яарч сандарч, ямар нэг юмыг хийсээр орой болоход ядарч унах дөхсөн ч яг гарт баригдах дорвитой юуг хийж бүтээснээ ойлголгүй орондоо ордог. Олон сошиал медиа платформ, олон төхөөрөмж, олон шинэ мэдээллүүд байх тусам бидний гүн үйл хийх чадамж өдрөөс өдөрт багасаж байгаа. Тиймээс л өндөр бүтээмжтэй ажилладаг хүмүүс улам онцгой, ховорт тооцогдож байгаа билээ. 

Өндөр бүтээмжтэй ажил=(Зарцуулсан хугацаа)х(Төвлөрлийн хүч) 

Гүехэн үйл: 

Хуралд суудал бөглөх, хүмүүс рүү утасдах, чатлах зэрэг таныг байхгүйд өөр хүн ч хийчихэж чадах, танин мэдэхүйн ур чадвар шаардахгүй ажлууд. Тодорхой зорилгогүй хүн өөрийгөө завгүй байна гэж итгэхийн тулд эдгээр хөнгөн, гүехэн, амархан ажлуудыг хийсээр байдаг.

 Гүн үйл:

 Сатаарлаас ангид төлөвт, таны танин мэдэхүйн ур чадварыг тултал нь сорьж үйлдэгддэг ажлууд. Энэ ажил л таныг шинэ түвшинд гаргаж, хуулбарлах боломжгүй үнэ цэнийг бүтээхэд тусалдаг. Ямар нэг зүйлд мастер болгодог, дорвитой юм гараас гаргадаг ажлууд юм. Голцуу нэг дор 1+ цаг төвлөрч суудаг ажлууд байдаг. Гүехэн ажлуудаас зугтаахад хэцүү боловч тэдэнд зарцуулдаг цаг хугацааг ухамсартайгаар багасгаж, гүн үйл хийх цагийг өөртөө гаргах нь зүйтэй юм. 

Та яаж гүн үйл хийж болох вэ?

1. Ганцаарчилсан гүн үйл-Өөрийгөө бусдаас тусгаарлаж, утас таблет зэрэг төхөөрөмжүүдээ унтраагаад удаан хугацаагаар (хэдэн хоног эсвэл нэг сар) төвлөрөх. Лагертаа очих, амралын газарт өрөө түрээслэх гэх мэт. Голцуу эрдэмтэд, зохиолчид, зураачид энэ аргаар гүн-үйл хийдэг. 

2. Холимог хосолсон гүн үйл-Долоо хоногийн тодорхой 2 өдрийг гүн үйлд зориулах. Даваа, Мягмар гарагийг эсвэл Баасан Бямба гарагийг гэх мэтээр тогтмол гүн үйлд зориулдаг өдөртэй болох. 

3. Цагийн блок үүсгэх-Хамгийн амархан арга бол өдөр тутамдаа төвлөрдөг, гүн үйл тогтмол хийдэг цагийн блокийг үүсгэх юм. Гүн үйлд 3-4 цагийг зарцуулахад хамгийн тохиромжтой бөгөөд нийтлэг туршлагаас харахад өглөөнөөс үдийн цайны цаг хүртэл байвал зүгээр. Хэрвээ тийм боломжгүй, өглөөгүүр л хуралдах болон бусад яаралтай ажлуудаа хийдэг бол өдөр эсвэл орой ч байж болно. 

Дээрхээс аль нэг аргыг сонгоод, өөрийн гэсэн гүн үйлийн дүрэмтэй болоорой. Яг гүн үйл эхлэх үед утас, компьютер, сошиал медиа бүгдийг нь хаах эсвэл аль нэгийг л нээх гэх мэт дадал тогтоо. Мөн хамтран ажиллагсаддаа өөрийн гүн үйлийн хуваарийг хэлээрэй. Тэгвэл тэд аль цагт танд саад болохгүй гэдгээ ойлгоно. Мөн гүн үйлийг эхлэхдээ дэргэдээ аяга кофе, хэдэн ширхэг самар тавих, сандлаа тохируулах, шааль нөмрөх, ширээгээ цэвэрлэх ч юм уу өөртөө тухтай нөхцлийг бүрдүүлж байгаад суугаарай.

Маргаашийн хичээл: Өнгөний кодчилол


2026 © Онлайн худалдааг хөгжүүлэгч zochillogog
платформ.