
Буюу төлөвлөгөө, зохион байгуулалтын тусламжтайгаар стрессээс ангижирч, үр бүтээлтэй амьдрах нь.
Таны ажлын өдрийн ерөнхий дүр зураг иймэрхүү өнгөрдөг: Яг чухал мэйл бичиж байтал утас дуугарч “Нөгөө харилцагчийн асуудал юу болсон бэ?” гэж хэн нэгэн асууна. “Өө нээрээ” гэж санаад тэр асуудлыг зохицуулж байтал утсанд түрүү сарын төлбөрийн нэхэмжлэхүүд ирнэ. Тэрийг шилжүүлэх гэж байтал хамтран ажиллагчаас чинь “Энэ гэрээнүүдийг маргааш гэхэд хянаж дуусгах хэрэгтэй юм байна” гэсэн документ хавсаргасан чат ирнэ. Тэгж байтал таны ээж утасдаж аавынхаа алтан гадасны найранд бушуухан бэлдэх үүрэг онооно.
Өдөр бүр галзуу юм шиг завгүй өнгөрч байхад хүсэл мөрөөдөл, зорилгын тухай яриа хаа хол хөндий санагдах нь дамжиггүй. “Өнхөрсөн хорголоо гүйцэхгүй” гэдэг үг танд тохирох юм шиг санагддаг учраас эхлээд зүгээр л бүх хийх ёстой зүйлсээ мартахгүй, хойшлуулахгүй, амжуулаад хийчих юмсан гэж танд бодогддог байх.
Өнөөдрийн хичээл нь ар араасаа хийх юм нь ундраад л байдаг, ажил амьдралын зааг нь алдагдсан, гайхамшигт ой санамжаа зөвхөн юм мартахгүй байхад шахуу зориулж байгаа бүх хүнд хэрэгтэй.
Цагийн менежмент, хувийн зохион байгуулалтын классик бүтээлүүдийн нэг Getting Things Done номонд заадаг системийг танд зааж өгье.
Бидний тархины хүчин чадал гайхамшигтай. Гэхдээ тэр сэтгэн бодохдоо гаргууд боловч санах, бүртгэхдээ (track хийхдээ) тийм ч мундаг биш. Тийм байтал та энэ бүх хийх ёстой ажлуудаар тархиныхаа бүтээлч сэтгэлгээний орон зайг бөглөж байдаг. Таны тархи санаануудыг үйлдвэрлэх зориулалттай болохоос хадгалах зориулалттай биш. GTD-г эзэмшвэл та
Ямар нэг юм мартсан эсэхт, яг одоо дараагийн хийх ёстой юм аль нь эсэхт, зөв цагтаа зөв юмаа хийж байгаа эсэхтээ ахиж санаа зовохгүй болно. Таны тархи хийх ёстой зүйлсийг санах ажлаас чөлөөлөгдсөнөөр шинэ санаа, дэвшилтэт бодлыг хүлээн авч, зорилгодоо төвлөрөх боломжтой болно. Өөрийгөө “Юу ч хийж амжуулахгүй юм” гэж битгий шийтгээрэй. Та зөв “хойшлуулах” аргаа л олохгүй байгаа юм.
GTD систем нь дараах хэдэн алхмуудаас бүрдэнэ:
1. “In box” үүсгэх
Capture буюу толгойндоо эргэлдэж байгаа түм буман “хийх ёстой зүйлсээ” шүүрч аваад, бүгдийг нь түмпэн рүү асгаж байгаа юм шиг дэвтэртээ жагсааж бич. Ямар ч дараалал, эрэмбэ, том жижгийн тухай бодох хэрэггүй. Анхаарлыг тань юу татаж байна, бүгдийг нь ар араас нь залгуулаад бичээрэй.
2. Жагсаалтаа боловсруулах
Clarify буюу жагсаасан ажил болгоныг хараад “Энэ үйлдэл болох зүйл мөн үү?” (Is it actionable?) гэж асуу. Өөрөөр хэлбэл, үйлдэл болгох боломжтой зүйл үү эсвэл хоосон санаа, өөртөө сануулах зүйл, шууд хийх боломжгүй бодол уу гэдгийг тодорхойлоорой. “Энэ үйлдэл болох боломжтой зүйл үү?” гэсэн асуултанд “Үгүй” гэсэн хариулт авсан ажлуудыг “хогийн сав” эсвэл “эргэн харах”, “хэзээ нэг өдөр” гэсэн ангиллуудад оруулж хасаарай. Дараа нь “Тийм” гэсэн хариулт авсан ажлуудыг хар.
“Тийм” гэсэн хариулт авсан ажлуудыг “Яг дараагийн хийж болох үйлдэл нь юу вэ?” гэсэн асуултаар задлаарай. Хэрвээ тэр ажил нь ганц биш олон ажлаас нэгдэх прожект байвал тусад нь ахин бодит үйлдлүүд болгож задлаад, inbox-доо ахин оруулах нь зүйтэй.
Харин одоо ганц бодит үйлдлээс бүрдэх ажлууд л танд үлдлээ. Үлдсэн ажлуудыг та “Үүнийг хийхэд хоёр минутаас бага хугацаа шаардагдах уу?” гэдэг асуултаар шүүж үз. Тийм гэсэн хариулт авсан бүх ажлыг яг одоо хий. (Ж: эгч рүү нөгөө пэйжийг олж явуулах, хүүхдийнхээ сургуульд цахимаар бүртгүүлэх г.м) Энэ ажлууд тийм бага хугацаа шаардах хэрнээ таниар “хийгдэж өгөхгүй” хэчнээн зовоолоо доо?
Ахиад цаана нь үлдсэн ажлуудыг та “Даалгах”, “Дараа хийх” хоёр ангилалд хуваагаарай. Өөр хүнд даалгаж болох бүх ажлуудыг даалга. Харин “Дараа хийх” ангиллын ажлуудыг төлөвлөгөөний дэвтэр дээрээ ирэх 7 хоногийн өдрүүдэд хуваарилан тараа. Дараа гэдэг нь яг хэзээ, хэдийд вэ гэдгийг заавал тодорхой оноогоорой. Ажил нэг бүрийг аль нэг өдөр эсвэл цагт хийхээр хуваарилаарай. Гол нь таны ажлууд ерөнхий биш, бодитой үйлдэлд хөтлөхүйц бичигдсэн байх ёстой. “Маркетингийн аяны санааг бодох” биш “Маркетингийн аяны санааг интернетээс хайж судлах”, “Судалсан санаануудаа жагсааж сонгох” гэх мэт бүүр танд яах, ийхийг нь хэлээд өгчихсөн бодитой даалгавар болгож бичнэ гэсэн үг.
Дээрх алхмыг хийхдээ ижил төстэй ажлуудыг нэг дор жагсаагаад, нэг өдөрт цуглуулж хийвэл ашигтай. Бүх уулзалтыг, бүх гадуур явах ажлыг, бүх интернет самнах ажлуудыг нэг дор нь бөөгнүүлж хийгээрэй. Олон ажлаас бүрдсэн прожектыг хийгдэх ёстой дарааллынх нь дагуу байрлуулвал төлөвлөгөөндөө оруулж, өдөр онооход хялбар байх болно.
3. Одоо танд зөвхөн хийх л үлдлээ. GTD системийн гол давуу тал нь бодлыг бодит үйлдэл болгох процессийг хийдэг гэсэн үг. “Бодоод л яваад байна” гэж ярьдгаа болиод шууд үйлдэл болгоно гэсэн үг.
Нэг удаадаа дээрх аргаар ойрын хэдэн долоо хоногийн ажлуудаа цэгцлээд авбал та хэсэгтээ л “Одоо юуг нь хийх вэ?” гэж бодлоо шатаах шаардлагагүй болно. Мөн цаашдаа танд нэмэгдэж орж ирсэн ажил болгоныг л та inbox руугаа хийж байгаад долоо хоногтоо нэг удаа бүгдийг нь цэгцэлж хуваарилаад байхад болно.
“Яг одоо хийх боломжтой үйлдэл нь юу вэ?” гэдэг асуултыг байнга бодож яваарай. Амжилт!
Маргаашийн хичээл: Эйзенховерын матриц
Зүрх ❤️ дарж хичээлээ уншсан гэдгээ мэдэгдээрэй. Share хийж бусдад түгээгээрэй.