#1 Бүтээмжийг шийддэг “3T”

#1 Бүтээмжийг шийддэг “3T”

  • 2022-03-17 04:04

Технологи, Төлөвлөгөө, Teamwork/Туслалцаа гурвын аль нь танд хэрэгтэй байна вэ? 

Хэрвээ та өөртөө бүтээмж муутай санагдаж байвал танд дараах мэдрэмжүүдийн аль нэг нь эсвэл бүгд төрж байж таараа: 

-Үргэлж завгүй, өдөржин ямар нэг юм хийдэг ч орой болоход онцын чухал юм юу ч хийгээгүй байдаг. Энийг ч, тэрийг ч хийх ёстой гэж байтал өдөр дуусдаг. Яг хүссэн зүйлдээ, мөрөөдөлдөө эсвэл гэр бүлдээ цаг гаргаж чаддаггүй. 

-Цагаа дэмий юманд хэт их зарцуулаад байгаа юм шиг, төвлөрч суух “онгод” орохыг хүлээж өдрийг бүтээмжгүй бардаг. 

-Яг юуны төлөө, хаашаа чиглэж, юунд зорихоо ойлгохгүй байгаа. Эсвэл мартсан.

-Зорилгоо ч, юу хийх ёстойгоо мэддэг, ар араас нь зогсолтгүй хийсээр яваа ч ажил барагддаггүй. Өөрийгөө гурав хуваах юмсан гэж боддог. 

Дээрх мэдрэмжүүдээс болоод та өөртөө яг нэг дороо эргэлдсээр байгаа, дамартай усан хулгана шиг санагддаг бол өөрөөсөө “Надад 3T-ын аль нь дутагдаж байна вэ?” гээд асуугаад үзээрэй. 

Надад технологи дутагдаад байна уу?

Бүтээмжийг технологиор шийдэж болно. Хүн төрөлхтөн анх үүссэн цагаасаа эхэлж үүнийг хийсээр ирсэн. Хавтгай чулуугаар ан хийхэд өдөрт ганц л олзтой харих бол чулууг иртэй болгож зүлгэснээр өдөрт гурван олзтой харих боломжтойг олсон. Ачааныхаа доор дугуй хийвэл хурдан өнхрөхийг бодож олсон. Тэр цагаас өдийг хүртэл мянга мянган технологи бидний цагийг хэмнэж, ажлыг хялбарчилж, хурдыг нэмж байгаа билээ. Харин та өөртөө хэрэгтэй технологийн шийдлийг ашиглахгүй, анзаарахгүй байгаа юм биш биз? 

Ихэвчлэн “гүехэн ажлууд” буюу заавал та хийгээд байх шаардлагагүй, өдөр бүр давтагддаг, таны онцгой ур чадвар шаардахгүй ажлуудыг технологиор амархан шийдэж болдог. Миний хийдэг зүйлсээс автоматжуулж болох зүйл юу байна вэ гээд хараад үзээрэй. Жишээнүүд: 

-Хамаг цагаа гэрийн ажилд үрчихдэг бол: робот тоос сорогч, робот шал угаагч, аяга таваг угаагч, хатаагч гэх мэтэд гар таталгүй хөрөнгө оруулвал та цаг хугацааг худалдаж авч байгаагаас ялгаагүй

-Жижиг бизнес эрхлэгч нар захиалга, хүргэлтээ бүртгэсээр хамаг цагаа авдаг бол: Цаанаасаа захиалгын лист үүсгээд өгдөг вебтэй болох

-Ажилдаа хэрэгтэй орчуулгыг хийх гэж хамаг цагаа авдаг бол: Google translate үнэхээр сайжирсан учраас түүнийг ашиглаж орчуулаад, дараа нь алдааг нь хянахад 3 дахин бага цаг зарцуулагдана. Гэрээ, бичвэрийн алдааг хянахад их цаг зарцуулдаг бол эргэлзэх юмгүй үг үсэг, дүрмийн алдаа хянадаг програм худалдаж ав. 

-Нэхэмжлэх бичих, имэйлээ шүүх ялгах, дата цуглуулах, орлого зарлагаа хянах гэх мэт олон ажлуудыг шийддэг аппликейшн, програм, төхөөрөмж, хэрэгслүүд үүссэн байдаг. Өөрийнхөө өдөр бүр хийдэг зүйлсийг ажиглаад хараад, эндээс автоматжуулж болох зүйл юу байна вэ гэдгийг олоорой. 

Надад teamwork/туслалцаа дутагдаад байна уу?

Бүтээмжийг туслалцаагаар шийдэж болно. Хүлээн зөвшөөрөхгүй байж болох ч, таниас өөр хүн хийчихэж болох ажлуудад та алтан цагаа гарздаад байж магадгүй. Энэ нь таны бүхнийг өөрийн гараар төгс хийх гэсэн хүслээс болдог байж мэднэ, эсвэл бусдад даалгаад буруу хийчихдэг учраас харин ч цагийн гарз гэж бодогдож магадгүй. Гэхдээ та биеэ хэд хэд хуваамаар санагддаг бол өөртөө туслалцаа/баг хэрэгтэй гэдгийг хүлээн зөвшөөрч, өөр хүмүүст эсвэл outsourcing-д ажлынхаа 50%-ийг даатгаарай. Тэд таниас ч илүү хийж магадгүй. 

Хүүхэд асрах үйлчилгээ, гэр цэвэрлэх үйлчилгээ, сошиал медиа маркетингийн компани, сайн менежер, сайн туслах, сайн борлуулагч гээд танд аль нь хэрэгтэй байна вэ?

Нөгөө талаараа, зөвхөн аахар шаахар ажлуудыг туслалцаагаар шийдэх биш, таны ажлын том зорилгуудыг бүтээлцэхэд ч бас туслалцаа хэрэгтэй байж мэднэ. “Synergetic” буюу 1+1=3 болгох, танд байхгүй давуу талыг өгч чадах хэн нэгэнтэй хамтарвал зорьсон төлөвлөсөн ажлууд гэрлийн хурдаар урагшлах болно. Таны урдаа тавьж буй зорилго юу вэ? Үүнд хэнтэй хамтарвал synergy буюу илүү ашигтай нэгдэл үүсэх вэ гэж бодоод үзээрэй. 

Надад төлөвлөгөө дутагдаад байна уу?

Бүтээмжийг төлөвлөгөөгөөр шийдэж болно. Өмнөх хоёр шийдлээс ялгаатай нь энэ хэсэгтэй та өөрөө биечлэн тулж ажиллахаас өөр аргагүй. Зорилго тавьж түүндээ чиглэж ажилладаг, хариуцлагатай, цагийн менежменттэй байх нь таны амьдралын бүтээмжид нэн шаардлагатай soft skill буюу зөөлөн ур чадвар юм. Төлөвлөх, төлөвлөснөө биелүүлэх дадал нь таны олноос ялгарах онцгой ур чадвар ч болж болно. Яг ийм энгийн чадвартай хүн тийм ч элбэг байдаггүй юм шүү. 

Зүгээр хийх, бичээд төлөвлөөд хийх хоёр юугаараа ялгаатай юм бэ гэж та асууж магадгүй: 

1. Төлөвлөх оролдлого хийснээр зорилгоо эргэн санадаг эсвэл тодорхойлдог. 

2. Төлөвлөгөөгүй үедээ хүн зөнгөөрөө л ажилладаг. Энийг ч, тэрийг ч барьж авч хийсэн ч том зургаар нь харалгүй, амжихгүй байна гэх шалтгаанаар чухал зүйлсийг өнгөрөөх нь бий. Төлөвлөсөн үедээ хүн зорилготой ажилладаг. Тавьсан зорилгодоо ойртуулах task-уудыг ухамсартайгаар сонгон авч төлөвлөгөөндөө оруулдаг. Зүгээр л зөнгөөрөө, өлсөхөөрөө таарсан зүйлсээрээ хооллох, эрүүл байх зорилготойгоор хүнсээ сонгож хооллох хоёр хэр их ялгаатай байдаг билээ? Үүнтэй зарчмын хувьд адил юм. 

3. Төлөвлөснөөр өдрийн төгсгөлд цагаа юунд зарцуулж байгаагаа ажиглах боломж олддог. Тиймээс чухал ба чухал бус ажлуудыг ялгаж, алийг нь түрүүлж хийх, алийг нь заавал хийх, алийг нь хийхгүй орхих эсвэл өөр хүнд даалгаж болохоо эрэмбэлж сурна. 

4. Төлөвлөснөөр хүн төвлөрч суух, тухтай бодож шийдэл олох, судлах зэрэг цагуудыг өдрийнхөө хуваарьт багтааж чадна. Тэдээс тэдэн цагийг яг тэр ажилд focus хийнэ гэдгийг төлөвлөхгүй бол нэг л мэдэхэд ийш тийш утасдаж, чаталж, имейл бичиж байтал өдөр хоног урссан байдаг. 

5. Төлөвлөснөөр хүн төстэй ажлуудыг өдрийн, долоо хоногийн олон цагт тарааж байрлуулахгүйгээр багцлаад нэг дор хийж сурна. 

6. Төлөвлөснөөр та яаралтай, гэнэтийн ажил, бусдын шаардлагын эрхшээлд байхаа болино. Та өөрийн болон бусдын цагийг үнэлж, хүндэлж сурна. 

7. Төлөвлөснөөр ойрын болон холын ирээдүйд ирэх эрсдлийг урьдчилан харж, түүнд бэлдсэнээр аюулаас зайлсхийх боломжтой. 

8. Хамгийн наад зах нь төлөвлөгөө хүнд товлосон цагаа мартахгүй байх, ямар нэг ажлыг санаандгүй орхихгүй байх, өгсөн амлалт, тохирсон хугацаандаа тааруулж ажлуудаа хуваарилах боломжийг олгодгийг бид бүгд мэднэ. 

Хэрвээ та хамгийн анх удаа, одоо л дэвтэр авч, төлөвлөж эхлэх гэж байгаа бол: 

- Эхлээд зүгээр л хийх ёстой зүйлсээ мартахгүй байх зорилготойгоор to-do list гаргаад, түүнийгээ чагтлаад хэсэг явж үзээрэй. Хамгийн түрүүнд зөв, дүнтэй төлөвлөхөөс илүү төлөвлөх дадалтай болох нь чухал. 

- Мартаж, санахгүй байх зорилгодоо хүрсний дараа хэдэн долоо хоногийн турш бичсэн зүйлсээ уншаад юунд хамгийн их цаг зарцуулж байгаагаа тогтоогоорой. Тэр ажил таны анхаарал зайлшгүй шаардах, чухал ажил мөн үү? Таны хүсэл мөрөөдөлд ойртуулж байна уу?

- Дараа нь, чухал бус гэж үзсэн ажлуудаа өөрөөсөө яаж чөлөөлөх талаар бодоорой. Мөн чухал ажлуудаа өглөө хамгийн түрүүнд хийхээр оруулж төлөвлөөрэй. Өдөр өдрөөр нь биш долоо хоногоор нь төлөвлөж, тухайн долоо хоногоо хэрхэн өнгөрөхийг урьдчилан төсөөлж, инженерчилж, загварчилж буй мэт төлөвлөөрэй. 

Сайн төлөвлөж сурвал таны ажил амьдрал “найрал дуу” мэт хоорондоо хоршиж, таны ямар ч ажлууд бие биетэйгээ давхцахгүй, харшилдахгүй, зорилго руугаа саадгүй өнхрөх болно. Төлөвлөгөө бол ирээдүйгээ “зөгнөх” хамгийн бодитой арга билээ. 

Өнөөдрийн хичээл нэлээд үндсэн, интро хичээл байлаа. Маргааш “Төлөвлөх дадлыг хэрхэн бүтээх вэ?” буюу хааяа төлөвлөөд, хааяа болиод байдаг зангаа больж тууштай дадалтай болох талаар хичээл бий. 

Зүрх дарж хичээлээ уншсан гэдгээ мэдэгдээрэй. Дээрх мэдээлэл өөр хэн нэгэнд хэрэгтэй санагдсан share хийж түгээгээрэй.

2026 © Онлайн худалдааг хөгжүүлэгч zochillogog
платформ.